“Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайхан хүн” А. Линколин
Хүний энэхэн хорвоод ээжээс өөр хэн ч байхгүй гэдэгт хүн бүхэн дуу нэгтээ хариулах бизээ харин хувь хүнийхээ үүднээс дотоод сэтгэлээ хуваалцяа. Манай ард түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн. Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон хүмүүжүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүн юм. “Хашийг эс засвал сав болохгүй хүнийг эс засвал эрдэм сурахгүй“ гэдэг манай ардын мэргэн үг бий. Ийнхүү хүнийг залж, засах үүрэг багш хүнд ногдсон байдаг ажгуу. Амьдрал дээр хоёр адилхан хүн байж болно. Ижийгээ бид бурхантай зүйрлэдэг тэгвэл хорвоод хүёр ижил бурхан болно гэсэн үг. Ижий минь бидний зовлонг нимгэлж, ангир шар уургаараа хүн болгосон өнөөг хүртэл хазайсан цагт түшиг тулгуур болж байдаг ачтан билээ. Харин эрдэм ухааныг багш хүн бий болгодог. Хэдийгээр хүмүүс бидэнд эрүүл чийрэг бие бялдар байсан ч оюун ухаан мэдлэг боловсрол үгүй бол орчлон ертөнцийг илч дулаанаараа төөнөн ээх нар хэмээн адил шиттэн үгүй болох биз ээ. Би багш хүн. Тиймээ би багш хүн, гэхдээ би багш хүн гэсэн утгаараа хүүхдүүдэд өөрийн сурсан мэдлэгийн дагуу хүчээр тэднийг сургах бус харин тодорхой төв мэдлэгтэй түүнийгээ амьдралд хэрэгжүүлдэг байгаасай бас миний шавь хэмээн насан туршдаа нэрлэгдэхийн учир хүн хэмээх алдарыг нэр төртэй авч яваасай гэж хүсдэг. Сурган хүмүүжүүлэх харилцаа амжилттай болох нэг үндсэн нөхцөл бол багш хүүхдийг хүнийх нь хувьд хүндлэх, түүний бүхий л эрхийг нь дээдлэх явдал юм. Жишээ нь багш сурагчидаа хүндэлж байж сая тэднээр өөрийгөө хүндлүүлнэ. Ихэнх тохиолдолд харилцаа ямар өнгө аястай болохыг багш тодорхойлдог учраас анхнаасаа харилцаа эерэг, харилцан бие биедээ нөлөөлж, хүндэлсэн, ойлголцсон уур амьсгалтай болоход нь багш анхаарах нь зүйтэй. Судлаач Л.И.Рувинский сурган хүмүүжүүлэх техник гэсэн ойлголтыг “ багш өөр хүн болон хувирах , дуу хоолой , нүүрний хувирал болон биеийн хөдөлгөөн зэрэг хоорондоо зохицон өөрчлөгдөх чадвар “гэж үзсэн байдаг. Хэдийгээр заах хичээлээ ягштал мэддэг багш ч гэсэн багш сурагчийн оюуныг холбосон утасгүй бол хүмүүжүүлэх ажил нь зөвхөн хатуу ширүүн тэмцэл болон хувирах ба хүүхдийн ухаан санаа товчлон битүүмжилсэн цамц мэт байдагийг харахад хөөрхийлөлттэй. Магадгүй зарим тохиолдолд багш хүүхдийн харьцааны бүтэлгүй талын гол шалтгаан бол харилцан бие биеэ үл итгэх, багш нь хүүхдийн нандин сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэхгүй, хүүхдийн гомдол, баярт санаа зовохгүй, сэтгэлээрээ хүүхдийн байранд өөрийгөө тавихгүй байх явдал юм.
Багшийн дараах чанаруудыг тухайлбал : сайхан сэтгэл тухайн шинжлэх ухааныг судлан сонирхдог, ам ажил нь нийлдэг, тэвчээртэй, өөдрөг үзэлтэй, харьцааны соёлтой, шаардлагатай ажилдаа бүтээлч ханддаг, аливаад бодитой ханддаг, суралцагчдад мэдлэг эзэмшихэд нь туслахыг байнга эрмэлздэг, нэр хүндтэй, суралцагчдыг оношлон тодорхойлох чадвартай , хэл ярианы соёлтой , илтгэх чадвартай, хичээлийн үед нөхцөл байдалд хувиран өөрчлөгдөх чадвар сайтай, мэдрэмж үнэлэмж сайн, асуудлыг оновчтой тодорхой шийдвэрлэх, хэл ярианы соёлтой байх чанаруудыг илүү үнэлсэн байдаг. Эндээс харьцааны соёлгүй мэдлэг ур чадвараар дутмаг, сурагчдыг ялгаварлан дүгнэх хандлагатай багш нарыг сурагчид төдий л хүндлэхгүй, зааж буй хичээлийг нь үл ойшоон өөрийг нь эвгүй байдалд оруулах нь ажиглагддаг. Хүн хүний сайхан зангаас айхаас бус хэзээ ч муухай ааш, ааль авираас айхгүй шүү дээ. “ Хүн үгээр, тариа усаар” , “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэсэн ардын зүйр үгс байдаг шүү дээ. Тийм ч учраас багш хүн хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ харилцах хэрэгтэй. Сургалтын чанарыг дээшлүүлж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж дэлхийн жишигт хүргэх Монгол улсын боловсролын зорилтыг хэрэгжүүлэх үйл явцын өнөөгийн шатанд багш хүний гүйцэтгэх үүрэг хариуцлага урьд өмнөх ахмад үеийн багш нараас улам улам өндөрт тавигдах боллоо. Цаг цагаараа байдаггүй Цахилдаг хөхөөрөө байдаггүй гэсэн ардын үгийг санасан ч орчин цагийн багш хүний ухамсар, мэдлэг, ур чадвар, эв дүй, харилцааны техник, арга барилд дэвшил ахиц байгааг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу. Аливаа зүйлийг гүн гүнзгий ойлгож, бүхнээс илүү мэдлэг чадвараараа ялгарч , явсан газар бүхнээ шинэ мэдлэг, шинэ уур амьсгал, ажлын шинэ үүсгэл санаачилгыг өрнүүлж байдаг хүмүүс гэж багш хүнийг манай ард түмэн хүндэтгэн дээдэлдэг. Сургаж хөгжүүлэх ажлыг өдөр цаг тутам гардан зохион байгуулж байгаа багш хүн өөрийн ажилдаа ямагт дүн шинжилгээ хийж юу нь болж, юу нь болохгүй байгааг тунгаан бодож цаашид хийх ажил арга зүйгээ оюун ухаандаа төсөөлөн, бодож мөрддөг байх нь сайн багш болохын үндэс юм.
ЗХУ-ын нэрт сурган хүмүүжүүлэгч В.А Сухомлинский /Өөрөө өөртэйгээ ярьж, өөрийн мөс, чанарын тухай бодож үзэх гэдэг бол оюун санааны амьдралын дээд шат, хүн төрөлхтний ёс суртахууны баялаг дотор өөрийнхөө байр суурийг олж авах шат мөн/ гэжээ. Багш гэсэн энэ богинохон үгний цаадах гүн гүнзгий утга агуулгыг хүн бүр мэддэг хэдий ч багшийн хөдөлмөрийн сайн сайхан, муу муухайг зөвхөн багш л мэдэр ч, хүний төлөө гэсэн үнэнч сэтгэлээ хувийн ашиг сонирхол, өндөр цалин хөлсөөр солиогүй зах зээлийн багш нараараа бахархууштай. Зуун зуунд хэв шинжээ алдалгүй оршин тогтнож багш гэдэг эрхэм нэр алдрын нэгээхэн хэсэг болж, хүний хөгжлийн нэн тэргүүнд явдаг багш бид мэдээлэлийн эрин зуунтай хөл нийлүүлэн мэдлэг боловсролоо ахиулан шинийг санаачлагч, зохион бүтээгч, менежер, эдийн засагч, жүжигчин, техниологич гэсэн олон талын чадвартай, мэдлэгтэй оюунлаг, гэгээлэг, манлайлагч байх хэрэгтэй. Багш хүн хүний оюун сэтгэхүйтэй ажилладаг учраас шавь нарынхаа хэн болохыг харцнаас нь, сэтгэл санаанаас нь, мэдлэг чадвараас нь, харилцаа хандлагаас нь уншиж судалж, шинжилж, зөв оношилж, ажиллах арга эвээ өөрөөс нь олж авдаг. Багштай хэрхэн харилцах нь хүүхдэд багш яаж хандаж түүний сайн сайхны төлөө сэтгэлээ хэрхэн хандуулж анхаарал халамж тавьж байгаагаас хамаардаг. Хүүхдийг зэмлэх, буруу шаах талыг өрөөсгөл барьж “Багш бол багш л байх ёстой” гэж хандаж харилцах нь багш сурагчдын хоорондын харилцаа зөрчигдөхөд хүргэдэг. Хүүхэдтэй харилцахад хэм хэмжээнээсээ хэтэрсэн аливаа хандлага тэдний зүгээс сөрөг хандлага, дургүйцэлтэй заавал тулгардаг. Хэмжээнээсээ хэтэрсэн үл биелэх шаардлага хүүхдийг дуулгаваргүй байдалд дасгадаг, хэт хүлцэнгүй байх нь үл тоомсорлосон хэнэггүй, бүдүүлэг зан ааштай болгодог. Эв дүйгүй харилцаа гэдэг юуны өмнө ухаан санаа бүдүүлэг харанхуйн шинж, оюун санааны залхуурал, сэтгэцийн ядуу буурай байдал, үг хэлээ захирч чаддаггүй болгодог юм. Багш хүний хүмүүжлийн нэг зэвсэг нь үг . Тухайн байдалд тохирсон оновчтой хурц нөлөөлөх хүчтэй байх ёстой.Үгээр хүнийг амьдруулж ч болно, үхүүлж ч болно гэдэг үг бий. Хүний сэтгэл зүйд нөлөөлөх хүчит зэвсгийн нэг үг болно. Хүн ер нь магтуулах дуртай амьтан. Магтаал сайшаалын үгийг шавь нар нь багшаасаа үргэлж хүсэж байдаг. Магтаал сайшаалын ганц хоёр ч гэсэн үг хичнээн ач тустай байдгийг хүн бүр мэднэ шүү дээ.
“Эрдмийн түлхүүр багш
Амьдарлын түлхүүр агаар
Амжилтын түлхүүр арга”
Erkee
Saturday, April 29, 2017
Friday, April 28, 2017
Thursday, April 27, 2017
Subscribe to:
Posts (Atom)
Би хүүхдийг зөв таних чадвартай шилдэг сурган хүмүүжүүлэгч \Эссэ
“Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайхан хүн” А. Линколин Хүний энэхэн хорвоод ээжээс өөр хэн ч байхгүй гэдэгт хүн бүхэн дуу нэ...
-
“Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайхан хүн” А. Линколин Хүний энэхэн хорвоод ээжээс өөр хэн ч байхгүй гэдэгт хүн бүхэн дуу нэ...
-
hi all